БНХАУ-ын хилийн боомтоор явганаар болон автомашинаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо

Өнөөдөр /2020.01.26/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Дөнгөж сая уг хуралдааны шийдвэрүүдийг танилцуулав. Шадар сайд Ө.Энхтүвшин: Коронавирусээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх тухай асуудлыг хэлэлцүүлэг хийж Засгийн газраас гаргах тогтоолын төслийг хуралдаанд орууллаа. Вирусийн тархалт маш хурдтай байна. Одоогоор 1956 хүн өвчилж, 56 хүн нас барсан гэх мэдээлэл байна. Уг өвчин нь эмч, эрдэмтдийн хэлж буйгаар агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн вирус учир эмчилгээ алга байна. Монгол улсын хувьд хилийн цаана байгаа газруудад аль хэдийнэ тархсан. Бээжинд 34, Өвөр Монголд 2, Манжуурт байна гээд эргэн тойронд оржээ. Монгол улс өндөр эрсдэлтэй улсын тоонд ороод байна. Өнөөдөр Монгол Улсад тохиолдол илрээгүй байгаа ч эрсдэл өндөр тул санаа амарч болохгүй. Мөн уг хурлаар шинэ төрлийн коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа. Мөн дээрх шаардагдах эм, тоног төхөөрөмж, бараа материалыг яаралтай шууд гэрээгээр худалдан авах, тараах ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлд даалгалаа. Мөн Хятадтай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт хийж, дэглэмийг өндөржүүлэх ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав. Энэ нь зөвхөн явганаар болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа бөгөөд галт тэрэг, нисэх онгоцонд хамаарахгүй аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button