ДЭЛХИЙН ШИЛДЭГ ФОТО СУРВАЛЖЛАГУУД...



“...Ямар нэгэн зүйл богинохон хугацаанд чиний амьдралын нэг хэсэг болон мөнхөрч үлдэнэ, харин чи бүрмөсөн явна” хэмээх үг Энни Лейбовицыг дэлхийн нэрт фото зурагчин болох замд нь хөтөлсөн гэдэг. 

Дуран авайндаа хорвоогийн бүхий л зүйлсийг багтаан харж, ховор агшин, мөч бүрийг гэрэл сүүдэртэй нь хальсанд буулгах зурагчны мэргэжил тун ч нарийн мэдрэмж шаардсан ажил. Фото сурважлага нь сэтгүүл зүйн салшгүй нэгэн чухал хэсэг билээ.

 1. Гэрэл зурагчин Ник Ют тэсэрч буй бөмбөгнөөс зугтааж буй вьетнам охины зургийг авчээ. Чухамхүү энэ зураг дэлхий нийтийг Вьетнам дахь дайны тухай бодоход хүргэсэн юм. Есөн настай охин Ким Фукийн 1972 оны зургадугаар сарын 8-ны өдрийн тэр зовлонт мөчийг Ник ийнхүү  түүхэнд мөнхөлсөн билээ. Ким зургаа тухайн өдрөөс хойш 14 сарын дараа Сайгон дахь цэргийн эмнэлэгт аймшигт түлэгдлээ эмчлүүлж байхдаа анх харжээ. Тэрбээр бөмбөгдөлт болсон өдөр ах эгч нараасаа хэрхэн холдон гүйж байснаа мартаж чаддаггүй бөгөөд тэсрэлтийн дуу чимээг одоо хэр сонсдог аж. Туслахыг оролдсон цэрэг түүн рүү усаар шүршсэн нь түлэгдэлтийг улам хүнд шатанд хүргэнэ гэж хэн санах билээ. Гэрэл зурагчин Ник Ют охинд туслан цэргийн эмнэлэгт хүргэж өгчээ. Ник эхлээд нүцгэн охины зургийг нийтлэх эсэхдээ эргэлзэж байсан ч дараа нь дэлхий ертөнц энэ зургийг харах ёстой гэж шийдсэн байна. Хожим нь энэ зургийг ХХ зууны хамгийн шилдэг зургаар нэрлэсэн билээ. Гэрэл зурагчин  охиныг хэт олон хүн сонирхохоос хамгаалахыг оролдсон боловч 1982 онд Кимийг Анагаах ухааны их сургуульд суралцаж байхад нь Вьетнамын Засгийн газар олсон байна. Түүнээс хойш Кимийн дүрийг суртал нэвтрүүлэгтээ ашиглах болжээ. "Би байнгын хяналтан дор амьдрах болсон юм. Энэ гэрэл зураг намайг хаа сайгүй дагалдах болсон тул үхмээр санагддаг байлаа" хэмээн охин ярьж байжээ.  Хожим нь Ким сургуулиа үргэлжлүүлэхийн тулд Куба руу зугтаж, тэнд ирээдүйн нөхөртэйгээ танилцсан байна. Улмаар тэд хамтдаа Канадад ирж суурьшжээ. Олон жилийн дараа тэрбээр энэ гэрэл зурагнаас хэзээ ч зугтаж чадахгүйгээ ойлгож, зураг болон өөрийн олонд танил байдлаа энх тайвны төлөө тэмцэлд ашиглахаар шийдсэн юм.

2. Лина Медина таван настайдаа хүүхэд төрүүлжээ. Одоогоор тэрбээр анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж болоод буй. Ийм тохиолдол Орост ч гарч байсан түүхтэй. Хэвлий нь томроод байсан тул  таван настай Линаг эцэг эх нь эмнэлэгт үзүүлжээ. Эхлээд түүнийг хавдартай гэж байсан боловч удалгүй эмч нар түүнийг долоон сартай жирэмсэн болохыг тогтоосон байна. Херардо Лосада эмч охиныг төрөхөөс нь өмнө бусад эмч нарт үзүүлж оношийг нь батлуулахаар Перугийн нийслэл рүү авч явсан аж. Сар хагас өнгөрсний дараа 1939 оны тавдугаар сарын 14-нд тэрбээр хүү төрүүлсэн бөгөөд таазны хэсгийн хөгжил нь гүйцээгүй байсан тул кесарев хагалгаа хийж хүүг гарган авсан байна. Хагалгааг Лозадо, Бусоллеу нар хийсэн бөгөөд нойрсуулагч эмчээр Колретто ажиллажээ.  2,7кг жинтэй төрсөн хүүд эмчийнх нь Херардо гэж нэрийг өгсөн. Херардо Линаг эгчийгээ гэж боддог байсан бөгөөд 10 настай байхдаа ээж нь болохыг мэдсэн байна. “Бяцхан ээж” эрүүл саруул өсч торнисон боловч 40 настайдаа буюу 1979 онд нугасны өвчнөөр нас баржээ. Лина Медина хэрхэн жирэмслэснийг огт баримтжуулаагүй үлдсэн аж. Тэрбээр хүүгийн эцэг хэн болох, хэрхэн яаж жирэмсэн болсноо хэзээ ч ярьж байгаагүй юм. Лина  2002 онд “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхөөс татгалзсан байна.


3.    “Хэний ч хараагүй хамгийн алдартай зураг” хэмээн “Associated Press” агентлагийн  зурагчин  Ричард Дрю есдүгээр сарын 11-ний өдөр Олон улсын худалдааны төвийн нэгэн цонхноос өөрийн үхэл рүүгээ үсэрч буй амиа хорлогчийг харуулсан зургаа нэрлэжээ. Хожим нь зурагчин "Тэр өдөр түүхэнд бусад өдрүүдээс илүү олон удаа дуран болон гэрэл зургийн хальснаа буулгагдан үлдсэн" гэж бичсэн байдаг. Ричард Дрюгийн "Үсэрч байгаа хүн" түүхэнд нэрээ үлдээх байсан боловч түүнээс ч илүү түүхэн үйл явдал “террорист халдлага” болсон билээ. 


4. “Associated Press” агентлагийн 30 настай гэрэл зурагчин Малкольм Браун руу хэн нэгэн утасдаж, маргааш өглөө нэгэн чухал үйл явдал болох тул Сайгоны тодорхой нэг уулзвар дээр ирээрэй гэсэн байна. Тэрбээр хэлсэн газарт “Нью-Йорк Таймс”-ын нэгэн сурвалжлагчтай хамт очсон бөгөөд удалгүй үл таних машин  ирж, дотроос нь буддын шашны хэдэн лам гарч ирэв. Тэдний нэг болох Thich Quang Duc лам гартаа шүдэнз бариад лянхуа цэцгийн хэлбэрээр завилан суухад бусад лам нар нь түүнийг газолинээр норгож эхэлсэн байна. Thich Quang Duc шүдэнзийг зураад амьд гал болон дүрэлзэн асчээ. Шатаж байгааг нь хараад уйлалдах олныг бодвол лам “га” гэх ганц авиа гаргаагүйгээр барахгүй огт хөдөлсөнгүй. Thich Quang Duc тэр үеийн Вьетнамын Засгийн газрын тэргүүнд буддистуудын эсрэг явуулж буй хэлмэгдүүлэлт, лам нарыг баривчлахаа зогсоох, тэдэнд өөрийн шашин шүтлэгээ номлох, дэлгэрүүлэх эрх олгохыг хүссэн захидал илгээсэн боловч хариу аваагүйнхээ төлөө ийнхүү өөрийгөө золиослох алхам хийсэн аж.


5.    Зургийг анхааралтай ажиглаарай. Энэ бол гэрэл зургийн түүхэн дэх хамгийн гайхалтай нь байж болох. Хүүхдийн өөдөсхөн гар мэс засалчийн хурууг атгахаар эхийн хэвлийгээс цухуйж байна.  Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдээд 21-хэн долоо хонож буй бөгөөд энэ нь үр хөндөлт хийж болох хууль ёсны хугацаа гэсэн үг юм. Гэрэл зургийг Америкт хийсэн мэс заслын үеэр авчээ. Томруулан харуулсан байдлыг нь ажвал ямар нэгэн аймшигт үйл явдал мэт харагдана. Гэвч дараа нь Та гэрэл зургийн голд мэс засалчийн хуруунаас барьж авсан өчүүхэн жижиг гарыг олж харах болно. Хүүхэд амьдралаас хэрхэн зууралдаж байгааг харуулсан хэрэг. Тиймдээ ч энэ бол анагаах ухаан дахь хамгийн гайхалтай зураг бөгөөд дэлхий дээрх хамгийн ховор мэс заслуудын нэг юм. Хүүхдийн тархийг гэмтэхээс хамгаалж нуурууных нь ясанд мэс засал хийхийн өмнөх эхийн хэвлий дэх  21 долоо хоногтой үр хөврөлийг харуулсан зураг. Мэс заслыг эхийн саванд гаргасан жижигхэн завсраар хийсэн бөгөөд энэ гар бол бяцхан өвчтөний гар юм. Ийм хугацаатай үед ээж нь үр хөндөлтийг сонгон авч болох байв.


6.    Францын телевизийн сурвалжлагчийн авсан энэхүү зураг нь Израйлын цэргүүдэд буудуулсан Аль-Дур хүү эцгийнхээ  гар дээр амьсгал хурааж буй агшныг харуулжээ. Шахид Аль-Дурын дүр марк, ном, дуу, ерөөлөөр түгэн тархсан билээ. Гэвч Франц дахь Еврейн идэвхтнүүд уг зургийн бодит эсэхэд эргэлзэн Францын  телевизийг олон нийтэд харуулаагүй тэр хэсгийг ил гаргахыг шаардсаар байгаа юм.


7. 1944 оны зуны эхээр Кевин Картер алдар хүндийн оргилд хүрээд байлаа. Тэрбээр Пулицерын шагнал хүртээд байсан бөгөөд нэр хүндтэй сэтгүүлүүд хамтарч ажиллах саналаа уралдан илгээж байв. Кевин эцэг эхдээ "Надад бүгд баяр хүргэж байна. Та нартайгаа уулзаж өөрийн олзоо харуулахсан гэхээс байж ядах юм. Энэ бол ажлыг минь хүлээн зөвшөөрсөн  миний мөрөөдөж ч зүрхлэхгүй байсан хамгийн дээд оргил" гэж бичиж байжээ.

Кевин Картер 1933 оны хаврын эхээр авсан “Судан дахь өлсгөлөн” зургаараа Пулицерын шагнал хүртсэн юм. Энэ өдөр тэрбээр жижигхэн тосгон дахь өлсгөлөнгийн зургийг авахаар Суданд зориуд нисэн ирсэн  байв. Өлсөж үхсэн хүмүүсийн зургийг авсаар ядарсан Кевин тосгоноос гарч жижигхэн бутнууд ургасан талд иртэл чимээгүйхэн уйлах дуу сонсоджээ. Эргэн тойрноо эргэцүүлэн хартал өлссөнөөсөө болон үхэж буй бололтой нэгэн жижигхэн охин газар хэвтэж буйг олж харжээ. Тэрбээр зургийг нь авах гэтэл хэдхэн алхмын зайтай махчин шувуу гэнэт  буусан байна. Шувууг үргээхгүйн тулд маш болгоомжтойгоор  Кевин илүү сайн байрлалыг сонгон аваад зургаа дарав. Үүний дараагаар тэрбээр шувуу далавчаа дэлгэн илүү аятайхан зураг дарах боломж олгох байх хэмээн  20-иод минут хүлээсэн боловч  гайтай шувуу огт хөдлөөгүй тул хөөжээ. Энэ завсар охин жаахан хүч хуримтлуулсан бололтой цааш явав. Явах ч гэж дээ мөлхжээ. Кевин харин модны дэргэд суугаад уйлав. Тэрээр гэнэт өөрийн охиноо тэврэхийг учиргүй их хүсчээ...

8. Зурагчин Стивен Марркьюригийн хамгийн алдартай зураг бол  Афганистаны 12 настай охины хөрөг юм. Тэрбээр энэ зургаа Афган-Пакистаны дайжигчдын түр хорогдох хуаранд авчээ. Зөвлөлтийн нисэх хүчний онгоцууд охины амьдарч байсан тосгоныг бөмбөгдөж, гэр бүлийнхэн нь бүгд амьд үрэгдсэн аж. Охин зэвсэгт мөргөлдөөнөөс дайжин уулын замаар хоёр долоо хоногийн турш алхан байж хуаранд  ирсэн байна. 
1985 онд афганистан охины зураг нийтлэгдсэнээс хойш “National Geographic”-ийн бэлгэ тэмдэг болж, дайны тухай өгүүлсэн дэлхийн хамгийн алдартай фото зургуудын нэгээр тооцогджээ.

Эх сурвалж: www.photonews.mn

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ФОТО СУРВАЛЖЛАГУУД...
Дэлхий
Меган Маркл бие давхар...
2018-10-18 08:03713
Энтертайнмент
ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ...
2018-10-18 07:59720
Энтертайнмент
Амин дэмтэй цагаан хоолны...
2018-01-08 16:216656
Энтертайнмент
Гоймонтой Итали салатны...
2018-01-09 10:336405
Фото мэдээ
Б.Насанбаяр номын нээлтээ...
2018-01-19 13:565990